Оддын арьс арчилгаа (Hailey Bieber арьс арчилгаа) ✨

2024-06-11 07:08
Оддын арьс арчилгаа (Hailey Bieber арьс арчилгаа) ✨

Hailey Bieber гэж хэн бэ? Түүний арьс арчилгааны нууцаас

Бид бүхний сайн мэдэх алдарт дуучин Justin Bieber-н гэргий Hailey Bieber нь мэргэжлийн балетын бүжигчин билээ. Балетын урлагт тасралтгүй 12 жилийн турш зүтгэсний эцэст хөлдөө бэртэл авснаар балетын карьераа орхиж загварын ертөнц рүү хөл тавьсан юм. Холливуд төдийгүй дэлхийн анхаарлын төвд байдаг энэхүү гайхалтай эмэгтэйн арьс арчилгааны нууцыг хуваалцахгүй орхиж болохгүй. Учир нь Hailey Bieber нь өөрийн гэсэн арьс арчилгааны "Rhode" гэх брэндийг өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Тэрхүү брэнд нь дэлхий дахинд маш хурдан хугацаанд танигдсан бөгөөд ялангуяа уруул өнгөлөгч нь охид бүсгүйчүүдийн дунд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний тоонд орсоор байгаа юм.

Hailey Bieber нь хэт эмзэг, хуурай төрлийн арьстай учраас юманд хурдан эмзэгшиж, амархан харшил өгдөг хэмээн өөрийнхөө арьс арчилгааны талаарх бичлэгтээ хуваалцаж байсан. Нүүр нь хэт эмзэгшиж харшил өгсөн үед, ялангуяа хацар хэсгээр нь улаан тууралтууд гарах магадлалтай байдаг хэмээсэн билээ. Хэт эмзэг хуурай арьстай учраас зөөлөн мөртлөө өтгөн бүтэцтэй хөөсөрдөггүй нүүрний шингэн саванг хэрэглэхийг илүүд үздэг. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан хүнд будалтыг өдөр тутамдаа их хийдэг учраас тэрхүү хүнд будалтаа задалж, арилгахын тулд тосон цэвэрлэгчийг түлхүү хэрэглэдэг гэсэн юм. Хамгийн сонирхолтой нь Hailey тонер болон эссэнзийг огт хэргэлддэггүй бөгөөд нүүрээ цэвэрлэж дууссаныхаа дараа шууд пептидын найрлагатай серумыг хэрэглээд, араас нь шууд пептидын найрлагатай тос хэрэглэдэг талаар дурдсан. Хэт хуурай арьстай учраас арьс арчилгааныхаа хамгийн сүүлд нүүрний ойл (Face oil) тосыг хэрэглэж хуурай арьсаа гүн чийгшүүлдэг хэмээн арьс арчилгааныхаа нууцаас хуваалцахдаа давхар дурдсан. Мөн нарны тосыг өдөр тутамдаа байнга хэрэглэдэг бөгөөд энгийн үедээ бараг нүүрээ буддаггүй учраас өө даралттай нарны тосыг түлхүү сонгон хэрэглэдэг гэсэн юм.

Hailey Bieber-н дуртай орц найрлагууд:

-Peptide

Бидний бие олон төрлийн пептидийг үйлдвэрлэдэг. Зарим пептидүүд нь бидний арьсыг хамгаалж, эдгээж, залуу, уян хатан байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаагаар зарим төрлийн пептид нь шархны эдгэрэлтийг түргэсгэж, коллагены үйлдвэржилтийг нэмэгдүүлж, гаднаас нь түрхсэн үед ботокстой төстэй үр дүнг харуулдаг гэсэн нь тогтоогдсон. Тиймээс арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд пептидийн нэгдлийг улам бүр түгээмэл хэрэглэх болсон.

-Hyaluronic Acid

Гиалуроны хүчил нь хүний биеийн эд эсэд оршдог нүүрс ус хэлбэрийн нэгдэл юм. Өөртөө ус хадгалах хамгийн гайхалтай чадвартай молекул бөгөөд нэг грамм гиалуроны хүчил нь зургаан литр усыг хадгалдаг. Тиймээс гиалуроны хүчил нь хуурайшиж гандсан арьсыг маш хурдан хугацаанд гүн чийгшүүлж, чийгийг нь барьж, арьсны өнгийг сэргээхэд чухал нөлөө үзүүлдэг.

-Niacinamide

Арьс арчилгаанд Ниацинамид гэж нэрлэгдэж байгаа энэхүү идэвхтэй орц нь бидний бие махбодод байгалиасаа байдаг орц бөгөөд хоол боловсруулалтын шатанд ихээр ашиглагддаг амин дэм юм. Ниацинамид буюу витамин b3 нь хүнсний чиглэлд орж ирэхээрээ Ниацин (Niacin) гэж нэрлэгддэг бөгөөд нүүрс ус төрөгчөөс эрчим хүч гарган авах процесст ашиглагддаг төрлийн амин дэмийг хэлдэг. Арьс арчилгаанд бид ихэвчлэн ниацинамид гэх нэрээр нь нэрлэж заншсан ч энэхүү идэвхтэй орцыг витамин b3, Никотинамид (Nicotinamide) гэж нэрлэх тохиолдол их бий.

Ниацинамид нь арьсыг цайруулж, нөсөө толбо бүдгэрүүлэх, хуурайшилтыг багасгаж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх, батганы эсрэг үйлчилгээг үзүүлэх, нүхжилтийг бууруулах, арьсны улайлтыг намжаах, чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээг үзүүлэх гээд маш олон үйлчилгээг давхар үзүүлдэг арьс арчилгааны супер орц найрлагуудын нэг юм.

Нэмэлт мэдээлэл

Hailey арьсан дээр гарсан батгаа огт шахдаггүй. Батгаа үрэвсүүлэхгүйн тулд унтахаасаа өмнө батганы зориулалтын наалтыг нааж хонуулаад өглөө нь хуулж авдаг хэмээн хуваалцсан. Мөн eye patch-г байнга хэрэглэж зовхины арьсаа арчилдаг.

Hailey Bieber-н гэрийн нөхцөлд өөрөө найруулж арьсандаа тавьдаг маск

1ш өндгийг саванд хийж байгаад дээрээс нь бага зэргийн зөгийн бал хийж хооронд нь сайн хутгаад нүүрэндээ маск болгон тавьдаг. Арьсандаа маскаа тавиад хатах үед нь бүлээн усаар угаадаг хэмээн хуваалцсан.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл