Батга Эмчилгээний Дипален (Dipalen) гел /Адапален 0.1%
Найрлага: Нэг грамм бүрт 1 мг адапален агуулна. Тунгалаг, цайвар өнгөтэй гел - 15мг савлагаатай.
Хэрэглэх заалт: Бүх төрлийн батганы эмчилгээ болон дахилтаас сэргийлэх барих эмчилгээнд гадуур түрхэж хэрэглэнэ.
Ангилал: Дипален гелийн найрлага дах адапален нь витамин А уламжлал буюу III үеийн ретинойд бөгөөд батга эмчилгээний үр дүнг Америкийн нэгдсэн улсын FDA-аас албан ёсоор баталсан байдаг.
Үйлчилгээ: Хучуур эсүүдийн ялгаран хөгжлийг тэнцвэржүүлэх, бичил тосон бөглөө (микрокомедон) үүсэхээс урьдчилан сэргийлэх (антикомедоген), нэгэнт үүссэн тосон бөглөөг задлах (комедолитик), мөн батганы үрэвслийн эсрэг үр дүнтэй нөлөөлнө.
Хар, цагаан батга, үрэвсэлт идээт батга, хүнд хэлбэрийн зангилаат цист батга ч бай бүгд микрокомедоноос үүсдэг тул дипален гелийг 8-12 долоо хоног ба түүнээс урт хугацаанд батганы эмчилгээнд болон сэдрэлээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг барих зорилгоор хэрэглэх боломжтой.
Санамж:
-Дипален гелийг чийгтэй нойтон арьсанд болон чийгтэй гараар түрхэхгүй, эмчилгээний үр дүнг бууруулна.
Дипален гелийг хэрэглэх давтамжийг ихэсгэсэн ч үр нөлөө нь нэмэгдэхгүй, эдгэрэлт нь түргэсэхгүй бөгөөд, харин арьс улайх, гуужиж хуурайших, амархан улайж цочрох зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Иймд оройд 1 удаа нимгэн тууштай түрхээд үр дүнг хүлээхэд хангалттай. Эмчилгээний бодит үр дүн 8-12 долоо хоногт илэрнэ.
-Гелийг нүдэнд оруулахаас сэргийлж нүднээс зайтай түрхэх. Зовхи орчим арьсыг хамгаалахын тулд зовхины эсвэл нүүрний чийгшүүлэх тосыг дипален гел түрхэхээс өмнө түрхэж болно. Мөн уруулын салст, хамрын дотор хэсэгт түрхэхгүй!
-Дипален гел нь хүчилтөрөгч ба гэрлийн нөлөөнд тогтвортой, химийн урвалд ордоггүй тул бусад батганы эм, тухайлбал клиндамицин, бензоилын хэт исэлтэй хавсарч хэрэглэж болно. Хавсарч хэрэглэх эмчилгээний бүтээгдэхүүнийг өглөөд хэрэглэх нь тохиромжтой.
-Хэрэв дипален гелийг хэрэглэхээс өмнө өөр төрлийн эм, тос түрхэж хэрэглэснээс арьс хэт гуужиж, эмзэгшиж улайж цочирсон, гаж нөлөө илэрсэн бол арьсны цочролыг бүрэн намдсаны дараа энэ гелийг хэрэглэх ёстой.
-Батганы гелийг хэрэглэх хугацаанд арьсаа түлэгдтэл наранд ил удаан явахаас зайлсхийж (нарны болон хиймэл гэрлийн нөлөөнд өртөх хугацааг аль болохоор багасгах хэрэгтэй), сайтар чийгшүүлж, нарны хамгаалалтын бүтээгдэхүүн хэрэглэнэ. Нарны гэрэлд байнга өртдөг ажилтай, нарны харшил, наранд төрөлхийн мэдрэмтгий хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Шаардлагатай бол давхар хамгаалалтууд хэрэглэх (шүхэр, нарны малгай, нарны хувцас, сүүдэр бараадаж алхах г.м)
-Арьсны цочрол үүсгэж болзошгүй, хэсэг газарт түрхэж хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд болох хүчтэй цэвэрлэх үйлчилгээтэй саван, хатаах, аргаах ба гуужуулах скраб, спирт зэрэг бодис болон гоо сайхны ажилбарууд, арьс гуужуулах үйлчилгээнд орох мөн халуун ногоо, лайм зэрэг ургамлын өндөр агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
-Энэ эмэнд агуулагдаж буй туслах бодисуудад (propylene glycol, methyl parahydroxybenzoate) хэт мэдрэг өвчтөнд сэрэмжтэй хэрэглэхийг зөвлөнө.
Хориглох заалт: Дипален гелийн найрлага дах бодист хэт мэдрэмтгий харшилтай болон арьс зүсэгдсэн, зулгарсан шархтай, наранд түлэгдэж гэмтсэн үед, экземтэй өвчтөнүүд хэрэглэхийг хориглоно.
Гаж нөлөө: Зарим гаж нөлөө ихэвчлэн эмчилгээний эхний сард ажиглагддаг бөгөөд цаашдаа давтамж ба хүндрэл нь багасдаг.
1. Өвчтөнүүдийн ойролцоогоор 20%-д гелийг түрхэнгүүт чимчигнэх, загатнах мэдрэмж илэрч болно. Энэ үед хачиртай талхны аргаар хэрэглэхэд аажимдаа энэ шинж арилна. Мөн хэд хоногийн дараагаас арьс хуурайшиж, улайх шинж илэрвэл дипален гелийг өнжөөд 1 удаа буюу 2-3 хоногт 1 удаа хэрэглэж аажим дасгаж болно.
2. Харин хавагнах, хүчтэй загатнах, улайх, харшлын тууралт гарах зэрэг шинж илэрвэл гелийг хэрэглэхээ бүрэн зогсоож, эмчид хандана.
3. Эмчлүүлэгчдийн 10-40%-д нь арьс улайх, ихээр гуужиж хуурайших, шалбарах, загатнах, хорсох буюу чимчигнэх зэрэг гаж нөлөө илэрч болно.
4. Эмчлүүлэгчдийн 1% ба түүнээс бага хувьд арьс цочрох, хорсох, хатгаж өвдөх, улайх, наранд борлож түлэгдэх, батга нэмэгдэх зэрэг нэмэлт гаж нөлөө илэрдэг болох нь судлагдсан.
Жирэмсэн, хөхүүл эхэд хэрэглэхгүй.
Жирэмслэхээр төлөвлөж байгаа үед ч хэрэглэхийг зөвлөмж болгохгүй. Бусад азелайны хүчил зэрэг батга эмчилгээний найрлагуудаас сонгож хэрэглэнэ үү.
Хүүхдэд хэрэглэх нас: Энэ бэлдмэлийг 12-оос доош насны хүүхдэд хэрэглэх үеийн аюулгүй байдал, үр нөлөө тогтоогдоогүй байна. Дипален гелийг 12-с дээш насныханд хэрэглэнэ.